Таны захиалга 24-48 цагийн хооронд хүргэгдэнэ.
НүүрБидний тухай
Cheese Republic

Cheese Republic

THE SECRET INGREDIENT IS ALWAYS CHEESE
Франц ардын зүйр үг

Утгачилбал, төгс хоолны нууц орц нь бяслаг байдаг гэсэн санаа юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд идээний төгс жорыг эрэн хайж яваа миний хувьд энэ үг үргэлж итгэл, найдвар, эрч хүч өгсөөр ирсэн.

2008 онд анх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Амарбаясгалант хийдийн дэргэд, тус хийдийн хуврагууд болон Ивэнгийн хөндийн малчдын аж амьдралыг дээшлүүлэх төслийн хүрээнд Швейцар улсын мэргэжилтэн, сүүлдээ миний багш төдийгүй сайн нөхөр болсон Карл Марбахаас бяслаг хийх аргыг анх заалгаж билээ.

Бяслаг нь хүний эрүүл мэндэд тоолшгүй их ач тустай чанар агуулдагаас гадна бусад хүнснээс ялгарах нэг онцлогтой. Бяслаг амьтай юм. Тэр нь ихэмсэг сайхан бүсгүйгээс ялгаагүй. Аргадаж тордоод, арчилж байвал өнгө орж, сайхан амт шимтээ өгдөг. Харин анхаарал тавихгүй, үл тоомсорловол зангаа хувиргаж, хатууран гунддаг.

Энэ ааштай “амьтны” араас 10 гаруй жил уйгагүй хөөцөлдсөний эцэст одооноос л түүний итгэлийг олж, тэр ч надад өөрийнхөө нууцлаг ертөнцийг мэр сэр нээдэг болж байна.

Бяслаг нь дарстай адил, хүн ба байгаль хоёрын амжилттай хоршин ажилласны үр дүнд бий болдог гайхамшигт бүтээл юм. Түүнийг хүндэлж, биширч, таалахгүй байхын аргагүй. Тиймээс хүн төрөлхтний соёлд бяслагийг магтан дуулах нь элбэг байдаг.

Бидний хэсэг нөхөд Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад ард иргэд, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгт тулгуурлан, дэлхийд дурсагдах Монголын нэрийн хуудас болохуйц өвөрмөц бяслаг төрүүлэх аяны гарааг эхлүүлээд байна.

Энэ нь нүсэр их хөдөлмөр, тэвчээр шаардсан, амаргүй бөгөөд ээдрээтэй зам байх боловч бидний урам зоригийг улам хурцалсаар байх болно. Хүрэх газар маань гэгээлэг гэдэгт бид итгэл дүүрэн байна.

Сүү, цагаан идээгээ дээдэлдэг та бүхэн манай орны цэвэр ус, цэнгэг агаартай үзэсгэлэнт нутгаас төрсөн, Монгол хүний сэтгэл зүтгэлээр бойжуулсан ховор сайхан бяслагийг таалан соёрхож, бидний ажлыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,
Cheese Republic Mongolia хөдөлгөөнийг санаачлагч
Я. Энхээ